Poem

О.Дашбалбар /Амьддаа бие биенээ хайрла, хүмүүсээ/
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий хармал
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ

Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд хайралсаных нь нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ

Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад

Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах чинь дуулах болно
Өлгий, авс хоёрыг хүн болгон дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла
 
 
О.Дашбалбар /Тэнгэр шиг бай/
 
 
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!


Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...

Цөхрөл чамайг багалзуурдаж, целийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...

Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !

Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцед юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...

Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ

Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөреөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй

Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хевгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!


Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хеөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...


 


Р.Чойном /"Үг"/
 
 
Хэн хүнтэй үг ярина гэдэг
Хэрэг дээрээ тулалдаан юм.
Халуун хүйтэн ямар ч зэвсгээс
Хатуу зөөлөн үг хүчтэй.

Үгээр хүнийг захирч болно
Үхүүлж ч болно сэхээж ч болно.
Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно.
Шархлуулж бас эдгээж болно. Ярина гэдэг харин чанга дуугарахын нэр биш
Яруу уран илтгэхийн нэр биш
Гал шиг бадарч ус шиг урсгахын нэр биш
Гагцхүү зөв сэтгэж, зөв дуугарахын нэр.

Эсрэг талаа судлалгүйгээр
Эхэлж тулаанд ордоггүйн адил
Ярьж байгаа хүнээ мэдэлгүйгээр
Ямар үг түүнд тохируулах вэ.

Арслан заан шиг лут этгээдийг
Ангийн калибр шиг үгээр загатнуулах ч үгүй.
Танк эсэргүүцэх буу шиг хүчит үгээр бөмбөгдвөл
Тарвага шиг хүнээс юу нь үлдэх вэ.

Эхээс төрөхийн цорын ганцхан
Эвхмэл хутга шиг яриатай хүнийг
Дамаскийн илд шиг сүрт үгээр
Далайсны гарз шүү дээ.

Байлдааны хуягт шиг хүний урьдаас
Банз мод шиг үг хэлэх
Барын урдаас
Балиус барьсантай ижил.



Р.Чойном /"Хүн" найраглал/
 
Хорвоогийн хүчирхэг амьтан хүн
Хосгүй хөгжилт ухаан сэтгэхүйт хүн
Балрыг орхиж соёл иргэншлийг эзэмшээд
Байгалийг ялав гэж тунхагласан

Оддын хүрээлэн орчлон ертөнцийг
Одоохондоон ганцаас илүүг баримталж байгаа
Оюун төгс дээд төрөлт хүн тантай
Орон байр хувь заяа нэгтэй төрсөндөө би баяртай байна

Гэтэл магтаад байсан аугаа их хүн таны
Гэр орон хувьхан биенээс чинь заримдаа олсон
Гэхдээ би үзэл бодол эрдмийн тухай яриагүй ээ
Тэнэг ч байсан цэцэн ч байсан ялгаагүй хүн!

Хүн гэдэг чинь юу юм бэ?
Хаана байнаа?
Хүүхний гоо сайханд уу?
Эрчүүдийн бяр тэнхээнд үү?
Шинжлэх ухааны оньсыг эзэмшсэн чадварт нь уу?
Шинэ загвараар хувцасласан биенд нь үү?

Үгүй ээ, үгүй дээ ...

Хүн гэдэг зөвхөн үстэй толгой доторх ганц аяга үл тайлагдах шингэн алт болсон
Үлэмжийн хүчит уураг тархинд нь байнам
Энэ тархины өчүүхэн хэсгийг гэмтээхийн эсрэг туршилт цус харвалт юмуу, элдэв нян ужиг самууны дутуу төрөлт
Эх орны хил алхсан хорлон сүйтгэгч шургалваас
Аугаа их хүн гэгч тэрхүү гавал дотор төгсч
Алд бие гөрөөс хийгээд малаас дор болмуй
Атаархам үзэмж бие, бишрэм чадал, хоолой
Аварга тэнхээ юу ч байсан хэрэггүй л болном

Хүн гэдэг богинохон , содон нэр шигээн
Хүний ид шид багахан эмзэгхэн зайд багтмуй
Хэрвээ тэр шидэт эрдэнийг гэмтээвээс
Хээрийн тунгалаг горхины ундаргыг дарсантай адил

Ухаан сэтгэхүйн тогоонд дусал хор хаяваас
Ургаж байсан модны
Угийг хөрөөдөхтэй ижил
Урамтай хурдан онгоцны хөдөлгүүр унтраахтай адил
Улс гүрний засаг сөнөхтэй ялгаагүй ээ...

Иймийн учир хүн танаас гуйх нь
Идэр бага цагаас ухаан мэдрэлээ хайрла
Идэх, унтах хийгээд архи тамхины хороор
Идтэй сайхан тэрнийг өстэй юм шиг битгий бөмбөгд

Битгий мэдсээр байж хүн гэдгээ хөнөө
Би ч ялгаагүй, та ч өөрцгүй түүхэнд өртэй
Элэнц хуланцын хийсэн муу муухай багадаагүй ээ
Энэ бидний хийх сайн сайхан ялгаагүй

Дэлхий юутай арвиныг сая би ойлголоо
Дэргэд нь хүн хичнээн өчүүхнийг одоо би мэдлээ
Залуу явахад дэлхий бага, би том байж
Захад нь өтөллөө... туулж барсангүй

Явах ёстой замаа урагшаа харан чинь яасан урт юм бэ
Яваад ирсэн замаа эргээд харсан чинь ямар богинохон юм бэ

Амьдралыг би мэдэхээс, онолыг би мэдэхгүй
Амраг бүсгүйтэй онолоор харицахгүй, сэтгэлээр харицана
Аль нэгэн теоромоор талх зүсдэггүй, хутгаар зүсдэг
Асар гунигтай цагт жимсээр уйлахгүй, нулимсаар уйлдаг

Зузаан зузаан боть гүн ухааны сургаалыг би мэдэхгүй
Зутруу намрын борооноор гал алдаж хоосон суухыг би мэднэ
Зуны халуунд цөл газар цангахыг би мэднэ
Зураг шиг хүүхний хөрөг шиг зүсэнд болоод араараа тавиулахыг би мэднэ

Нэр алдар олж айл айлд уригдахыг би мэднэ
Нэг өдөр баян явж зуун өдөр хоосон байхыг би мэднэ
Үнэнийг цөөхөн хүн дэмжиж зуун хүн хараахыг би мэднэ
Үзтэл хоосон магтаалыг бүгдээрээ сайшааж ганцхан найз шүүмжлэхийг би мэднэ

Ай хөөрхий...

Алтан үсэгтэй онолын том том ботиудад
Адууны махаар хоол хийх тухай байхгүй

Онол мэддэг хүн намайг идеалист гэдэг юм!
Овоо доо аль нэгэн томъёонд нь багтаж л байвал болох нь тэр

Хүн хүнээ хайрлах хэрэгтэй
Гэвч хэмжээтэй хайрлах хэрэгтэй
Хүнд зогсож байгаа дүр гаргах хэрэгтэй
Гэвч үнэнээсээ зогсож болохгүй

Хүн хүнтэй, нөхөдтэй амьдрах хэрэгтэй
Гэвч хүний өөрийн хатуу заагтай байхгүй бол бас сонин
Энэ хорвоод хүн гэгч эсвэл хүнд юм өгөх гэж
Эсвэл хүнээс юм авах гэж хүн болон төрдөг байна

Өгөх ч юм байхгүй, авах ч юмаа мэдэхгүй
Өчүүхэн амьтан яваагүй гэж сэтгэл амар буцна би

Ингээд бодохоор дэлхий арай багасч, би арай томсох юм

Хэтэрхий хайртай чамдаа би
Хэрэлдэх л гэж дурласан юмаа
Хэрүүлийн дараа улам хайрласаар
Хэттээ хагацах л гэж дассан юм

Амьдрал дандаа цэцэглэх гэж
Арван хуруу тэгш цэнгэх гэж
Алтан дэлхий заяасан юм биш л дээ
Алсдаа мөхөх л гэж үүссэн юм

Хатах гэж гол мөрөн урсдаг юм
Шатах гэж ой мод ургадаг юм
Үхэх гэж хүн амьтан төрдөг юм
Үрэгдэх гэж хот суурин босдог юм

Ер нь чадалтай нь чадалгүйгээ дарах ёс л
Ертөнцөд мөнх үлдэж мэдэх нь ээ...

Даван туулсан амьдралын минь он жилүүд
Даваа гүвээ, уул нуруу ч цэнхэртээд
Өсөх нас минь тэртээ цаана нь
Өмнийн дулаан хязгаар шиг сүүмэлзэнхэн үлджээ

Нарлагхан талдаа хулан тахь шиг өссөн
Найз нөхөд минь өвгөд, эмгэд болцгоолоо
Танхил багын минь найзууд
"Та", "та" гэж дуудан
Хүндэтгэлийн хүйтэн хуурай малгайг

Эгэл толгойд минь өмсгөжээ
Энэ чинь та нарын толгойтой ижил толгой
Эрхэм титмийг ч биш, боолын дөнгийг ч биш
Эх нутгийн салхийг өмсч өссөн толгой

Гэтэл намайг гэм буруугүй, алдаагүй
Гэнэн хөнгөн зангүй
Гэр бүлийн явдал гэж жижгэрэхгүй
Тусгай төрсөн өөр хүн шиг үзэж
Туг шиг ихэмсэг
Тамга шиг хатуу
Үхсэн юм шиг амьгүй эд гэж бодно уу ?

Үгүй ээ үгүй, би амьд хүн

Амьд хүний юм бүхэн надад бий
Амьд хүний юм бүхэн надад хэрэгтэй
Амьдралаар нь амьдарч, зовлонгоор нь зовж
Алдаж, онож, баясч, гомдож явнаа

Хүн хүнээс онцгой байх гэж би
Хүний ертөнцөд төрсөн юм биш
Хазгай бүхнийг тэгшилж өгөх гэж
Хатуу хорвоод ирсэн юм биш

Хувилгаан хэрэгтэй болоод
Бурхны орноос уригдаж ирээгүй
Хулгайч хэрэгтэй болоод
Чөтгөрийн орноос баригдаж ирээгүй ээ

Хүн хэрэгтэй болоод
Хүний дунд өөрөө төрсөн юм
Хүндийг нь үүрэлцэх гэж
Хүйтэн хорвоод өөрөө ирсэн юм

Хамгийн эгэл амьдралаар амьдрах гэж ирсэн юм
Халуунд халж, хүйтэнд хөрөх гэж ирсэн юм
Хайрлаж, хайрлуулж бас
Хаягдаж хараалгах гэж би төрсөн юм

Дан магтаалаар дэвэрч явах гэж төрөөгүй ээ
Дарга даамал болж даварч гүйх гэж төрөөгүй
Дарлуулж биеэ тоогоод зэвэрч хэвтэх гэж төрөөгүй
Дагинийн сайхныг шилээд тэвэрч суух гэж төрөөгүй

Багадаа гутал олдохгүй хөл нүцгэн гүйх гэж
Бага сургуульд харандаагаар дутаж шорооноос бал түүх гэж
Багийн хурал дээр өрх төлөөлөн очиж загнуулах гэж
Баян түмэнд ноос угааж, өлсөж, бөөстөх гэж төрсөн юм

Хүний унаа царайчлан гараа өргөж зогсох гэж төрсөн юм
Хүүхэнд дурлачихаад олигтой хувцасгүй гунирхах гэж төрсөн юм
Хүнд гунигаа мартагнахын тулд хөлчүүрхэх гэж төрсөн юм
Хүсэл ихдэж бие багад зовох гэж төрсөн юм

Ажиггүйхэн явсандаа хүний идэш болох гэж төрсөн юм
Амаа сүүлд нь өөрөө барих гэж төрсөн юм
Авгайчуулын хов живэнд өртөх гэж төрсөн юм
Айлын охиныг чангааж эхэд нь загнуулах гэж төрсөн юм

Сайхан залуу яваад муухай өвгөн болох гэж төрсөн юм
Сайн ханиасаа салж өнгөрсөн хойно нь ойлгох гэж төрсөн юм
Сар шиг нөхдийнхөө үхэхийг үзэж уйлах гэж төрсөн юм

Хүмүүсийг уйлж явахад инээж яваагүйн гавьяа
Хүйтэнд хөрч байхад нь халуун өрөөнд заларч
Хүнгэнэсэн тэргээр дайрчих шахаад өнгөрч яваагүйн гавьяа
Хүнд бэрх цагт нь жаргаж хэвтээгүйн гавьяа

Энэ бүхнийгээ
Элгэн садан хүмүүс та нартайгаа хуваалцаж яваагаа
Эсгий гэрт аж төрж явган гүйж явсныгаа
Эрхмийн дээд эрхэмсэг гавьяа гэж би үзнэ ээ...

Мөрөөдөл гэдэг энэхүү ертөнцөд
Мөхөсхөн төрсөн бүсгүйн ч буруу биш
Мөс шиг хайрдаг сэтгэлийн ч буруу биш
Мөнхөд ноёлох хайрын ёсон

Хайртай хоёрыг цуг төрүүлдэггүй нь
Хан байгалийн зарлиг юмдаг
Харан танилцаж яван дасдаг нь
Хатан дэлхийн зарчин юмдаг

Дасна аа гэдэг итгэлийн тавилан
Давуулж хэлбэл сэтгэлийн зовлон
Дэлгэр хорвоогийн хаа ч гэсэн
Дэндүү хайр өөртөөн жаргалгүй

Хөндлөнгийн хүнээс харамлан зовж
Хөөрхий зүрх урагдах шахдаг юм
Гэмгүй байхад хардана гэдэг
Гэрт гадаагүй мөрдөнө гэдэг

Золгүй надаар дүүрэн болохоор
Зовлон бүхний дээд юм даг...

Амраг хүүхнийхээ үгийг даалгүй
Агсарч битгий гомдоорой
Архи амсч нөхөдтэй нийлээд
Араар нь битгий тавиарай

Харчуул бид л онгироогоос биш
Хаанаас гүйцэхийн бэ дээ тэдний гавьяаг...

Тэд айлын ууган галыг асааж
Тэд авдарны утаа тоосыг арчиж
Тэд аагтай цай, амттай хоолоо чанаж
Тэд арван сар алаг үрээ тээж

Ядрахад чинь таны магнайг
Яав аа гэж зөөлхөн гараараа илнэ
Яваад өгөхөд чинь таныг хүүхэд шиг дагаж
Ягаахан хацар дээрээ нулимстай үлдэнэ

Хөдөлмөрсөг, янагсаг зөөлхөн гараараа
Хөлстэй, хиртэй хувцсыг чинь угааж
Хоолоо идчихээд босоод явсан ширээний чинь дэргэд
Хоосон аяагануудын дунд ганцаараа бөртөгнөнө

Элбэг устай мөрөн гол
Эргээ элээж уужим болгодог юм
Элдэв бодол, түмэн мөрөөдөл
Хүнийг элээж буурал болгодог юм

Шидсэн чулуу очсон газраа
Ширүүн тусаад ойж оддог юм
Хэлсэн үгс хүний сэтгэлд
Хэзээ ч гэсэн байж байдаг юм

Салалт, уулзалт, ядрал, баясал
Сайн нөхдийг гангаж өгдөг юм
Сайхан бүхнээс илүү дурлуулж
Садан төрлөөс ч давуу болгодог юм

Ай хөөрхий

Сэтгэлийн зүй, амраг дурлал
Уйтгар цөхрөл, аялгуу дуу
Урам зориг, айх өрөвдөх...
Энэ бүхнийг
Тив дэлхий, тэнгэр бурхан хүнд заяасангүй ээ
Тэмцэл хөдөлмөрийн дөлөн дунд хүн өөрөө байлдаж олсон юм

Хүн шиг сэтгэж, хүн шиг итгэж
Хүсэл мөрөөдлийнхөө шуурган тэмцлээр
Хүрэл зуунаас эдүгээ хүртэл
Хүндтэй замыг туулсан амьтан
Даян дэлхийн хаана ч гэсэн
Дахиад байхгүй

Ганцхан... ганцхан

Хүн хүндээ дурлах сэтгэлтэн буюу
Хүн хүнээ аврах итгэлтэн буюу
Хүн усыг ч ундраах шидтэн буюу
Хүн уулыг ч нураах хүчтэн буюу
Хүн алтан дэлхийн эзэн буюу
Хүн алсын одны зочин буюу ..


Р.Ичинхорлоо /Тэнгэр/
 
Миний монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм.

Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй
 


Б.Лхагвасүрэн /Чамдаа би хайргүй байхын аргагүй/
Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насны хөлд улирч хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй
Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий живх хоёр оёход инээж хамт байлаа
Үүл нарны ээлжинд үргэлж хамт байлаа


Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй …
 
Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа
Од харваж унахад эрж хамт байлаа
Саахалтын чинээхэн холдоход зүүдэлж хамт байлаа
Санаан зоргоороо хоёулаа эрхэлж хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

 


1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete